Мэдээлэл

... ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ТУХАЙ


ИРГЭНИЙ ХУУЛИАС ТАВИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа Нэгдүгээр дэд бүлэг Дундын өмчөөс үүсэх үүрэг 487 дугаар зүйл. Дундаа хэсгээр өмчлөх 487.1.Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй. 487.2.Хуульд өөрөөр заагаагүй бол тодорхой эрхийг хэд хэдэн этгээд дундаа хэсгээр өмчилж байвал энэ бүлэгт заасан журмыг баримтална. 488 дугаар зүйл. Дундын өмчийг ашиглах, удирдах 488.1.Дундаа хэсгээр өмчлөгчдийн олонхийн саналаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын талаар шийдвэр гаргах бөгөөд саналыг өөрт оногдох хэсэгт хувь тэнцүүлэн тооцно. 488.2.Олонхийн шийдвэр буюу хэлцлээр өөрөөр тогтоогүй бол дундаа хэсгээр өмчлөгч бүр шударга ёсны дагуу бусад өмчлөгчдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглалт болон удирдлагын талаар шаардлага гаргах эрхтэй. 488.3.Дундаа хэсгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүний оногдох хэсгээ ашиглах эрхийг хязгаарлаж үл болно. 488.4.Дундаа хэсгээр өмчлөгчид нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын журмыг тогтоосон бол уг журмыг эрх шилжүүлэн авсан этгээдүүд нэгэн адил мөрдөнө. 489 дүгээр зүйл. Дундын өмчийн эрхийг хүчингүй болгохыг шаардах 489.1.Дундаа хэсгээр өмчлөгчдийн хэн нь ч дундын өмчийн эрхийг хүчингүй болгохыг шаардах эрхтэй. 489.2.Энэ хуулийн 489.1-д заасан эрхийг гэрээгээр эдлэхгүй гэж өмчлөгчид тохирсон, эсхүл хугацаагаар хязгаарласан байсан ч хүндэтгэн үзэх шаардлага гарвал энэхүү эрхийг хэрэгжүүлж болно. 489.3.Энэ хуулийн 489.2-т зааснаас өөрөөр дундын өмчийн эрхийг хүчингүй болгохыг шаардах эрхийг хязгаарласан, эдлэхгүйгээр заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байна. 489.4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол дундаа хэсгээр өмчлөгчдийн дундын өмчийн эрхийг хүчингүй болгох эрхийг тодорхой хугацаанд эдлэхгүйгээр тохиролцсон хэлцэл аль нэг өмчлөгч нас барснаар хүчингүй болно. 489.5.Дундын өмчлөлийн зүйлийн үнэ, өртгийг бууруулахгүйгээр өмчлөгчдөд оногдох хэсгийн дагуу хувааж болохоор бол өмчлөлийн зүйлийг биет байдлаар хуваасан гэж үзэж дундын өмчийн эрхийг хүчингүй болгоно. 489.6.Дундын өмчлөлийн зүйлийг биет байдлаар хувааж болохгүй бол энэ хуулийн 159 дүгээр зүйлд заасан журмын дагуу худалдах, эдэлбэр газар болон үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах, олсон ашгийг хуваарилах замаар дундын өмчийн эрхийг дуусгавар болгож болно. 489.7.Дундын өмчлөлийн зүйлийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлж болохгүй тохиолдолд дундаа хэсгээр өмчлөгчдийн дунд дуудлага худалдаа явуулж худалдана. 489.8.Дундын өмчлөлийн зүйлийг энэ хуулийн 489.6, 489.7-д зааснаар худалдаж чадаагүй бол дундаа хэсгээр өмчлөгч нь дуудлага худалдааг давтан явуулахыг шаардах эрхтэй. Хоёр дахь дуудлага худалдаа үр дүнгүй болбол дуудлага худалдаа давтан явуулахыг шаардсан этгээд дуудлага худалдаа явуулахтай холбогдон гарсан зардлыг хариуцна. 490 дүгээр зүйл. Дундаа хэсгээр өмчлөгчдийн үүргийн гүйцэтгэлийг хангах 490.1.Дундаа хэсгээр өмчлөгч нь өөрт оногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах бол өмчлөгч бүр дундын өмчийн эрх дуусгавар болсон тохиолдолд тухайн ногдох хэсгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй. 490.2.Үүргийн гүйцэтгэлийг хангахад дундын өмчлөлийн зүйлийг зайлшгүй худалдах шаардлагатай бол энэ хуулийн 489.6-489.8-д заасныг баримтална. 490.3.Дундаа хэсгээр өмчлөгчид нь харилцан хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахад энэ хуулийн 490.1, 490.2-т заасан журам нэгэн адил хамаарна. 490.4.Дундын өмчийн эрх дуусгавар болсноор дундын өмчлөлийн зүйл дундаа хэсгээр өмчлөгчдийн хэн нэгэнд шилжсэн үед бусад өмчлөгч нь өөрт ногдох хэсгийн дутагдлыг бараа худалдагчийн нэгэн адил хариуцна. 490.5.Дундын өмчийн эрхийг хүчингүй болгох шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.